Дорнод аймгаас Улсын аварга тариаланч, малчид шалгарлаа

Дорнод аймгаас Улсын аварга тариаланч, малчид шалгарлаа

Улсын аварга малчин, тариаланч, фермер, саальчдын шагналыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн гардуулдаг уламжлалтай. Энэ жил Улсын хэмжээнд 170 гаруй аварга малчин, тариаланч тодорсноос дөрвөн малчин, нэг тариаланч нь Дорнод нутгийнх.

“Улсын аварга малчин”-аар Сэргэлэн сумын малчин С.Нямсүрэн, Баян-Уул сумын малчин Б.Цогбадрах, Матад сумын малчин Ж.Гомбосайхан, Цагаан-Овоо сумын малчин Д.Ганбаатар, “Улсын аварга тариаланч”-аар Хэрлэн сумын 2-р багийн иргэн С.Баттулга нар шалгарчээ. Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар аваргуудад шагналыг нь гардууллаа.

“Улсын аварга малчин” С.Нямсүрэнгийн хувьд адуун сүргээ Галшар, хонин сүргээ Үзэмчин, ямаагаа Баяндэлгэр үүлдрээр сайжруулан, малгүй өрхөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 880 толгой мал өгч, залуу малчидтай туршлагаа хуваалцан зааж сургаж байна. Энэ онд 2051 толгой мал тоолуулжээ.

Харин “Улсын аварга малчин” Б.Цогбадрах малын үүлдэр угсаанд голлон анхаарч тэмээн сүргээ Төхөм тунгалаг хүрэн үүлдрээр, адуун сүргээ Араб үүлдрээр, үхрээ Казакын цагаан толгойт, хонин сүргээ барга, буриад омгоор сайжруулсан байна. 1700 гаруй толгой мал тоолуулж, залуу малчин өрхийг дэмжих чиглэлээр багагүй ажил хийжээ.

Дорнод аймгийн Матад сумын харьяат, “Улсын аварга малчин” Ж.Гомбосүрэн гуай бол бага залуугаасаа мал хуйтай амьдралаа холбосон нэгэн юм. Сүүлийн хоёр жилд төийн хорогдолгүйгээр мал сүргээ өсгөж 1500-д хүргэснээс гадна малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулахад хувь нэмрээ оруулжээ.

“Улсын аварга малчин” Д.Ганбаатарын хувьд 2016-2018 онд найман өрхийг малжуулж, энэ онд 2428 толгой мал тоолуулсан байна. Тэрээр тэмээгээ Ханын хэцэн хүрэн үүлдрээр сайжруулжээ.

“Улсын аварга тариаланч”-аар тодорсон С.Баттулга нь 1990 оноос эхлэн газар тариалантай амьдралаа холбосон хүн юм. Түүнээс хойш тасралтгүй 30-аад жилийн турш 2-4 га-д төмс, хүнсний ногоо тарьж ургуулжээ. Дэвшилтэд арга, технологийг нэвтрүүлснээр нэг га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих