Дорнод аймагт “Тэмээ сургах” тэмцээн боллоо
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Тэмээ дэд хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сарын 15-16-нд тус аймгийн Цагаан-Овоо суманд тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг болсон байна.
Эл арга хэмжээнд 10 сумын 140 гаруй малчин болон аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, ИТХ-ын төлөөлөгч Л.Түвдэнням, ХХААГ-ын дарга Б.Батсайхан нар оролцжээ.
Тус өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл болох буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах, шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, сайхан тэмээтэй хос шалгаруулах болон тэмээн уралдаан болсон байна.
Дашрамд дуулгахад, өдөрлөгийн үеэр тэмээ сургах тэмцээн зохиогдож, Гурванзагал сумын малчин Г.Түвшин аваргалсан бол Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн малчин А.Мөнхбаяр, Чойбалсан сумын малчин О.Хүрэлбаатар нар удаалсан байна.