Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” хэмээх аймгийн төвөөс баруун зүгт 25 километр, сумын төвөөс баруун зүгт 12 километрт орших газар Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Старэкс” загварын бага оврын автобус 11 зорчигчтой Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн оройн 21:25 цагт хүлээн авжээ.
Дуудлага авсан даруйд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч, нэг автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, таван минутын дотор татан гаргасан талаар ОБЕГ мэдээлэв.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.