Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, нэг хүн амиа алдлаа!
Дорноговь аймгийн Айраг сумын нутагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн хэрэг гарчээ.
Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын гал унтраах 23 дугаар ангийн захирагч, ахмад Д.Цэнд-Аюушаас тодруулахад “Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарн 01-нд шилжих шөнийн 02.00 минутад ачааны машин галт тэрэгтэй мөргөлдлөө гэх дуудлагын дагуу нэг машинаар таван хүний бүрэлдэхүүнтэй аврах баг газар дээр нь очиход цагдаагийн алба хаагчид ирсэн байсан. Дуудлагаар дахин дөрвөн алба хаагч ангиасаа дайчилж ажилласан. Авто машин толгойн хэсгээрээ мөргөлдөж дотор нь сууж явсан хүмүүсийн нэг нь нас барсан, хоёр хүн гэмтэж бэртсэн байсан. Автобусанд хавчуулагдсан нэг хүнийг гаргаж сумын эмнэлэгт хүргэж, нас барсан хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэв. “Яг одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар Айраг суманд ирж ослын улмаас гэмтэж бэртсэн хүнд мэс засал хийж байна” хэмээн Айраг сумын Хүн эмнэлгээс мэдээллээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Цагаан Дөрвөлж багийн нутаг 4 км-ын гарамаас “Волва шаланз” загварын том оврын ачааны автомашин жолоодож явсан жолооч Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан галт тэрэгтэй мөргөлдсөн аж.