ДОРНОГОВЬ: Сар шинийн үзэсгэлэн худалдааны шилдгээр шалгарлаа


Сар шинийн үзэсгэлэн худалдааны шилдгээр шалгарлаа

Сар шинийн баярыг угтаж зохион байгуулсан “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдааны шилдэг үйлдвэрлэгч, аж ахуй нэгж, сум, иргэн шалгарлаа.

Шилдэг зохион байгуулалтай сумаар Сайхандулаан сум хоёр дахь удаагаа шалгарчээ. Ноднингийн үзэсгэлэн худалдаанд мөн л бусдыгаа манлайлж байсан Сайхандулаанчууд арваад бизнес эрхлэгч, аж ахуй нэгжтэйгээ нэгдсэн зохион байгуулалттай оролцож ингэний буцалгаа, монгол архи, хоормог, дээл, монгол цамц, малгай зэрэг нийт 10 гаруй нэр төрлийн нэр бүтээгдэхүүнээр оролцож хорь гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Эсгий, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн Улаанбадрах сумын иргэн С.Өлзийбат “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр, гоёлын лаа, машины үнэртүүлэгч, гоо сайхны саван, шүд цайруулагч бүтээгдэхүүнээр Замын-Үүд сумын үйлдвэрлэгч Л.Баясгалан “Шилдэг оролцогч иргэн” болсон бол “Ахмад үйлдвэрлэгч”-ээр монгол гэрийн бүслүүр, хошлон, унины сагалдарга томж оролцсон 85 настай Сайншанд сумын ахмад настан О.Цэвэгсүрэн гуай тус тус шалгарчээ.

Үзэсгэлэн худалдааны оролцогчдын тоо өмнө жилээс эрс өсч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, сав баглаа боодол сайжирч байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Орон нутгаас экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээг өргөтгөн эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн орон нутгийн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ”Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Өрхийн хэрэгцээг-Өөрийн хашаанаас” зэрэг аймгийн дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Аж ахуй нэгж болон жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин “Сум хөгжүүлэх сан”-гаас мал аж ахуйн түүхий эд бэлтгэл, хүнсний бөөний худалдаа, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 474.0 сая төгрөгийн зээл олгосон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих