Ховд аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч байна
Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Булган, Алтай, Үенч, Жаргалант сумдаас бусад 13 суманд хаваржилт хүндэрч эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа.
Хаваржилт хүндэрсэн 13 суманд аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган боодол өвс 50 хувь хямдралтай үнээр, 1400 уут тэжээл 30 хувь хямдралтай үнээр хуваарилахаар болжээ. Манай аймагт өнгөрсөн сард нэг боодол өвсийг 7000-8000 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 10 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдааны өвс ховор байгаа ба цаашид өвсний үнэ ханш өсөх төлөвтэй байгааг малчид хэлж байна. Мөн малын хивэг, тэжээл 12-18 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Одоогийн байдлаар хамгийн их буюу Алтай суманд 8 см, Үенч суманд 7 см, Булган суманд 6 см зузаан цастай, хамгийн бага буюу Ховд сумын нутгаар 1см цастай байна. Харин бусад сумдаар 2-5 см, хонхор, гуу жалгаараа 10-20 см зузаан цастай байна. Өвс ургамлын гарц сайтай учраас Алтай, Үенч, Булган суманд хаваржилт, цагийн байдал төдийлөн хүндрээгүй байгаа бөгөөд бусад сумдад өвсний гарц тааруу, хүндхэн байна.
Ялангуяа Манхан, Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн сумдад хаваржилт илүү хүндэрч болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
Энэ сарын 13-ны өдөр нийт нутгаар цас орох ба 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өдөртөө 18-23 градус, шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй байгаа учраас мал муудах, хаваржилт улам хүндэрч зудын байдалд орж болзошгүй байгааг анхааруулав.