Архангайн цагаан идээ 2,5 тэрбум төгрөгийн борлуулалтад хүрэв
Архангай аймгийн хойд талын найман сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа гурав дахь жилдээ нийслэлд нэгдүгээр сарын 17-31-нд хүртэл зохион байгуулагдаж, 200 орчим малчин, цагаан идээ үйлдвэрлэгч оролцон бүтээгдэхүүнээ борлуулжээ. Үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 2,5 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. Өнгөрсөн жил 3 тэрбум давж байжээ.
Олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанар сайтай бэлдэж, сайн зохион байгуулалттай оролцсон Өндөр-Улаан сумын Бэлх багийн малчдыг 500,000 төгрөгөөр зохион байгуулагчид шагнаж урамшуулсан байна. Тэд хамгийн их буюу 40 тонн цагаан идээ үйлдэрлэж зах зээлд нийлүүлжээ.
Энэ жил Ихтамир сум үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтыг хариуцсан бол ирэх жил Цахир, Хангай сум зохион байгуулахаар болсон байна.
Үзэсгэлэн худалдааг “Шинэ хөгжлийн тэмүүлэл” төрийн бус байгууллага санаачлан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. “Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд олон нэр төрлийн цагаан идээ дэлгэгдсэнээс гадна чанар, савлагаа нь өмнөх жилийнхээс илүү байлаа” гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцлон хэлжээ