БУЛГАН АЙМАГ: 473,3 га-д төмс хүнсний ногоо тариалжээ

Булган аймаг төлөвлөсөн хэмжээний ургацаа авах боломжтой байна

Булган аймаг энэ жил 42,2 мянган га талбайд үр тариа тариа, 473,3 га-д төмс хүнсний ногоо тариалсан юм. Мөн малын тэжээлийн ургамал 900 гаруй га-д тариалаад байна.

Энэ жилийн ургацын байдлын талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий

– Одоогоор ургацын урьчилсан баланс хэмжээг тогтоогоогүй байна. Тариаланчид, мэргэжлийн хүмүүсийн баримжаа, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллээр тариа, төмс, хүнсний ногоо, тариамал ургамлын болц харьцангуй гайгүй боломжийн байна. Энэ намар төлөвлөсөн хэмжээний ургац хураах, нэгж талбайн ургац улсын дундажаас дээгүүр авах болов уу гэсэн найдлага байна.

Наймдугаар сарын цаг агаарын мэдээг харахад хур бороо газар тариалангийн бүс нутгаар ахиу орно гэсэн төлөв өгөөд байна. Хэрэв хур элбэг байвал үр тарианы болцод сөргөөр нөлөөлж магадгүй эрсдэл харагдаж байна. Энэ намар гайгүй сайн хураагаад авчихна гэсэн итгэл байна гэж ярилаа.

Тус аймагт энэ зун хур бороо элбэгтэй, зарим нутагт үеэр буусан ч газар тариалангийн үйлдвэрлэлд ноцтой хохирол тохиолдоогүй байна. Өнгөрсөн сард Хутаг-Өндөр сумын төв орчмоор орсон хүчтэй аадар бороо, үеийн улмаас тус сумын иргэн, зарим аж ахуйн нэгжүүдийн төмс, хүнсний ногоо, үр тарианы ургац бага хэмжээгээр өртсөн аж.

Харин бусад газар цаг агаарын нөлөөлөл харьцангуй гайгүй үеэр ус, гангийн нөлөөлөл бага байна гэж хөдөө аж ахуйн салбарынхан үзэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих