Булган аймагт улсын төсөв болон “Энержи плас” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Дулааны станц ашиглалтад орж, улсын комисс хүлээн авлаа.
Тус аймгийн төвийн дулааны хэрэгцээг төслийн бүрэн хүчин чадлын 50 хувиар хангах, утааг угааж шүүдэг нэн шинэ технолги нэвтрүүлсэн, сүүлийн үеийн шинэ технолгиор тоноглогдсон автомат удирдлагын системтэй дулааны станц 35 мвт-ын хүчин чадалтай юм.
“Манай аймгийн дэд бүтцийн салбарт томоохон дэвшил болсон тус станц ашиглалтад орсонтой холбогдуулан Булган сумын хэрэглээний халуун ус, дулааны шугамуудыг шинэчлэх, засварлах шаардлагатай байна” гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий хэллээ.
Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний хөгжлийн төв, “Эрдэнэт ДЦС” ТӨХК, аймгийн ЗДТГ, МХГ, ГХБХБГ, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондогоор ахлуулсан улсын комисс ажиллалаа.
Дулааны станц ашиглалтад орсноор аймгийн төвийн дулаан хангамж сайжирч, агаарын бохирдол эрс багасах, нүүрс болон цахилгаан зарцуулалт, зардал 40 хүртэл хувиар буурах үр ашиг гарна гэж уг төслийг хэрэгжүүлэгч “Энержи плас” ХХК үзэж байгаа юм.