Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулах юм.
Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлжээ.
Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэх юм.