Тариат сумаас Улсын аварга малчин тодорлоо
Тариат сумын мал сүрэг сүүлийн хориод жилийн хугацаанд эрчимтэй өссөөр өнөө жил 292,157 толгой мал тоологдсон нь өмнөх оныхоос 11.1 хувиар өссөн байна.
Харин тус сумын Цагааннуур багийн малчин Б.Мягмарсүрэн аялал жуулчлалын чиглэлээр 2 тэмээ авчирч нутагшуулсан нь Тариат сумыг таван хошуу малтай сум болгожээ.
Тус сумын Тэрх багийн малчин А.Гансүх, П.Басбаяр, Цагааннуур багийн Л.Алтангэрэл, Хорго багийн Д. Мөнхсүх, Бөөрөлжүүт багийн Г.Баттулга, Мөрөн багийн П.Амгаланбат, Алтаад багийн Д.Хүрэлбаатар нар сумын мянгат малчин болж мянгат малчны тоог долоогоор нэмлээ.
Хамгийн олон толгой мал тоолуулсан болон адуу, ямаан сүргийн тоогоороо Мөрөн багийн малчин П.Амгаланбат тэргүүлсэн бол Хорго багийн малчин Ү.Баттөр 1057 үхэр, Ү.Батчулуун 1656 хонь тоолуулж ах дүү хоёр үхэр, хониороо сумандаа тэргүүлэв.
Сумандаа нийт малын тоогоороо болон адуун сүргээрээ тэргүүлсэн, Тариат сумын Мөрөн багийн залуу малчин П.Амгаланбат “Улсын аварга малчин” болж, сар шинийн босгон дээр шагналаа гардлаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, сумын удирдлагууд гардуулж өгсөн юм