~Говь-Алтайд баригдах хатуу хучилттай авто замын ажил эхэллээ~
Говь-Алтай аймгийн төв Алтай хотын иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ онд хот дотор тавигдах хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ.
Тухайлбал, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Солонго” хорооллоос Баянхайрхан багийн урд талын зам хүртэлх 0.42 км, “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуулийн баруун талаас хоёрдугаар сургуулийн уулзвар хүртэлх 0.46 км, Харзат багийн хуучин халуун усны хойд замаас “Шинэ-Алтай” захын уулзвар хүртэлх 1.135 км, нийт хоёр км хатуу хучилттай авто замуудын ажил эхэлсэн байна.
Уг ажлын замын трасст орсон 26 нэгж талбарын 2131.5 м2 газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт газар чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүргүүлжээ.
Түүнчлэн тус аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК нь Алтай хот доторх хатуу хучилттай авто замын эвдрэл гэмтлийг арилгахаар нөхөөс, улсын чанартай авто замын тэмдэг тэмдэглэгээнүүдийг хийгээд байна.