Газрын хишгээрээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг Сэлэнгийн тариаланчид зөвлөлдөн, 2019 оны хаврын тариалалтын чиг хандлагаа тодорхойлон ярилцаж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийлээ.
Төр, түмнээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн баатар, гавьяатуудаа хоймортоо тухлуулж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүндэт тугаа залах үйл ажиллагаагаар эхэлсэн энэ удаагийн тариаланчдын зөвлөгөөн уламжлал ёсоороо эрдэмтэн, докторуудын зөвлөгөө, шинэлэг инновацид тулгуурласан лекцүүдээр үргэлжиллээ. Эх нутгийнхаа эрүүл, аюулгүй хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм үүргээ Сэлэнгийн тариаланчид нэр төртэй биелүүлж яваагийн нэгэн илрэл бол энэ юм. Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхийг нөр их хөдөлмөрөөрөө бүтээлцсэн баатар, гавьяатуудыг энэ өдөр “Хүндэт дэвтэр”-т гарын үсэг зуруулж мөнхөлсөн нь хамгийн онцлог үйл явдал байв. “Хүндэт дэвтэр”, 60 жилийн ойн хүндэт тугийг атрын анхны шанг татсан, хуучнаар Зэлтэрийн САА одоогийн Түшиг сумаас эхлэн аялуулахаар тус сумын удирдлага, тариаланчдын төлөөлөлд гардуулан өглөө.
Зөвлөгөөний үдээс өмнөх үйл ажиллагаагаар “Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарын анхаарах асуудал, орон нутагт хэрэгжүүлэх арга зам” илтгэлийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, “Орчин үеийн газар тариалангийн чиг хандлага” илтгэлийг “Тогтвортой хөгжлийн түүчээ” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Баяртулга, “Хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Газар тариалангийн секторын эрхлэгч, доктор Ж.Намбар, “Төмс, хүнсний ногооны агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Төмс судлалын секторын эрхлэгч Х.Нямгэрэлын сонирхолтой лекцүүдээр үргэлжиллээ.
Харин үдээс хойшхи зөвлөгөөнөөр “Тариалангийн талбайн хог ургамалд хэрэглэж байгаа шинэ төрлийн гербицүүдийн танилцуулга”-ыг Таримал хамгааллын салбарын эрхлэгч доктор, профессор М.Отгонсүрэн”, Сэлэнгэ аймгийн 2019 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар УЦУХ-ийн Урт хугацааны прогнозын хэлтсийн дарга Г.Баясгалан, “Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний танилцуулга”-ыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар танилцуулж харилцан ярилцлаа.
Эрдэмтэн докторуудын илтгэл мэдээллээс тариаланчид олон шинэ сэргэг мэдээллийг олж авч энэ жилийн хаврын тариалалтын чиг хандлагаа ч тодорхойлж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойдоо өндөр ургацаар бэлэг барих сэтгэлийн дуудлагаар энэ өдрийн зөвлөгөөнийг Сэлэнгийн тариаланчид өндөрлүүллээ.
Энэ жилийн хувьд хаврын тариалалтыг ирэх сарын 25-наас өмнө хийж гүйцэтгэвэл сайн гэдгийг мэргэжилтэн доктор Б.Намбар хэллээ. Мөн тухайн орон нутгийнхаа нөхцөл байдалд тохируулан, тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, агрономууд хоорондоо зөвшилцөөд технологит хугацаагаа тохируулан таривал бодит үр дүнд хүрнэ гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэллээ. Энэ жил Сэлэнгэ аймаг 172 мянган га-д үр тариа тарина.