Аугаа эх орны дайн, Халхын голын ялалтын 80 жилийн ойн нээлт Дорнод аймагт боллоо. Ойн нээлт “Монгол дайчдын хөшөө”-нд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн жагсаалаар эхэлсэн юм.
Хүндэтгэлийн жагсаалд Халхголын дайнд сайн дураараа оролцож байсан Дорнод аймгийн Баяндун сумын 16 бүсгүйн ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирсэн байв. Мөн нээлтийн үеэр Халхгол сумын “Ялалт” музей, аймгийн музей үзмэрүүдээ дэлгэж, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдааны зэвсэг техникүүдээ иргэдэд сонирхуулан, ерөнхий боловсролын сургуулийн 500 сурагч яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан юм.
Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс олон ажил төлөвлөжээ. Тухайлбал, Ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-нд Зүүн бүсийн цэрэг спортын “Дөл” тоглолт, “Ялалтын цуурай” богино өгүүллэг, шүлгийн уралдааныг зохион байгуулах аж.