Завхан аймгийн Баянтэс сумын цагдаагийн хэсгээс Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Уран жолоодлого 2019” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.
Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр болж нийт 50 гаруй жолооч өрсөлдсөн байна. Жолооч нарын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн эрхийн үнэмлэх зэргийг шалгаж шалгуур үзүүлэлт хангасан жолооч нарыг тэмцээнд оролцуулсан байна. Эрэгтэй жолоочийн төрөлд нийт 30 жолооч оролцож механик хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу уран жолоодож уралджээ.
Харин эмэгтэй жолоочийн төрөлд 21 жолооч оролцож автомат хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жолоодож хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. Төрөл тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулж медаль, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл дурсгасан байна.
Мөн уран жолоодлогын тэмцээний үеэр нийт жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл сурталчилгааг тус цагдаагийн тасгаас хийжээ.