Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа хүлээн авч уулзлаа
Улс эх орныхоо хөгжлийн түүхийг бичилцэж, байгуулсан гавьяа, эрхэлсэн хөдөлмөрөөрөө төр олондоо хүндлэгдсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнуудад сар шинийн баярын өмнө хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлж, санал бодлыг сонслоо.
Дархан хот сууриа тавьсан 1961 оноос хойш Бурхантын хөндийгөөс төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, олон арван алдар гавьяатууд төрсөн гарсан бөгөөд энэ өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд долоон хөдөлмөрийн баатар, 36 гавьяат иржээ.
Түүнчлэн төрийн өндөр хайр хишгийг хүртсэн баатар гавьяатуудын туулж өнгөрүүлсэн ажил амьдрал, амжилт ололт, үнэ цэнэтэй он цагуудын түүхийн талаар хойч үедээ таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар “Дарханыг дархлагсад” баримтат киног туурвиж байгаагаа энэ өдрийн арга хэмжээний үеэр танилцуулаад эхний дугаарыг сонирхуулав. Ийнхүү Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө аймгийн удирдлагууд Дархан хотынхоо хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа хүндэтгэн гарын бэлэг гардууллаа.