~Сэлэнгэ аймаг мал эмнэлгийн салбарт Буриад улсаас туршилга судална~
Сэлэнгэ аймгийн ХХААГ, ОХУ-ын Буриад улсын мал эмнэлгийн удирдах газар хооронд хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод гарын үсэг зурлаа.
Хөрш хоёр аймгийн мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн гол зорилго нь талуудын бүрэн эрхэд хамаарах асуудлаар мэдээлэл солилцох, мал эмнэлэг, хорио цээр, хяналтын салбарт харилцан, хамтын ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Мөн Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэр дээр эдийн засгийн чөлөөт худалдааг дэмжих бүхий л нөхцөлөөр хангах, ялангуяа ХАА, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын таатай нөхцөлийг хангахад оршиж байгаа юм. Түүнчлэн мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний тайван байдал, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн таатай орчныг бүрдүүлэхэд ч анхааран ажиллах гэнэ.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Сэлэнгэ аймгаас ОХУ-ын Буриад улс, ОХУ-ын Буриад улсаас Монгол Улсын Сэлэнгэ аймагт мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шилжүүлэхэд хяналтын арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэх аж.
Мөн салаа туурайтан зэрлэг амьтад болон бусад мал, амьтад нүүдэллэн шилжих үед мал амьтны гоц халдварт өвчин тархах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч хамтран хэрэгжүүлэх юм байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал мал амьтны халдварт өвчний нөхцөл байдал, лабораторийн оношилгоо, амьдрал дээр туршиж буй мал эмнэлэг, биологийн эм бэлдмэл, байгаль орчны сөрөг нөлөөллөөс мал, амьтныг хамгаалах, хүнсний бүтээгэдхүүний аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох асуудлыг ч хөндлөө.
Мөн хоёр орны мал эмнэлгийн удирдлага, ажилтнуудыг урьж туршлага солилцох, мэргэжилтэн солилцох, мэргэжил дээшлүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн бага хурал, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр олон улсын хамтарсан арга хэмжээг зохион байгуулах зүйлийг ч тусгасан байна.