Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад оноос он дамжин царцсан дөрвөн барилга байсан. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар томилогдсон даруйдаа эдгээр царцаагдсан барилгуудын ажлыг эрчимжүүлэхээс ажлаа эхэлсэн. Тэгвэл өдгөө хоёр барилгын ажил дууссан, үлдсэн хоёр барилгыг 2020 он гэхэд барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Тодруулбал, дээрх дөрвөн барилгаас усан бассейн, уламжлалт эмнэлгүүдийн барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болоод буй. Харин 16 давхар цамхаг болон спорт цогцолборын барилга өнөөг хүртэл зогсонги хэвээр байгаа. Спорт цогцолборыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байсан бол 16 давхар цамхагийн хувьд хэд хэдэн хүн нийлж хөрөнгө оруулсан, өөрөөр хэлбэл хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн барилга юм.
Эдгээрийг хэрхэн үргэлжлүүлэх талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараас тодруулахад, Спортын ордны тухайд газар нь суулт өгнө гэх шалтгаанаар зогсоогоод байсан. Бид саяхан улсын үндэсний аудитын газраар, уг барилгыг цааш нь үргэлжлүүлэн барьж болох уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргуулахад болно гэдэг хариуг ирүүлсэн. Гэхдээ тодорхой шаардлагууд нэмэлтээр тавигдсан. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Улмаар БСШУСЯ-ны сайдтай уулзаж, 2020 оны улсын төсөвт энэхүү цогцолборын барилгын ажлын төсвийг тусгуулахаар болсон. Аймаг орон нутгийн зүгээс зураг төсөл болон бусад бэлтгэл ажлуудаа хангаж эхэлсэн. 16 давхар цамхагийн хувьд гурваас дөрвөн хүний хамтарсан хөрөнгө оруулалттай. Үүний нэг нь Голомт банк. Манай зүгээс эдгээр хөрөнгө оруулагчидтай уулзаж, аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх нөхцөлөөр Голомт банкинд шилжүүлэхээр болсон. Ийм шийдэлд хүрээд аймгийн ИТХ-д саналаа хүргүүлээд байна. ИТХ-аар батлагдвал бид мөн ирэх оноос барилгын ажлыг эхлүүлээд зогсохгүй тухайн онд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ер нь Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд царцаад байсан барилгууд бүгд ойрын хугацаанд ашиглалтад орно гэлээ.