~Жаргахад бэлэн бай бүсгүй минь…~
Цонхныхоо хөшгийг нээж гэрэлд нэвтрэх боломж олго.
Зүрхнийхээ хаалтыг сөхөж жаргалд нэвчих боломж олго.
Толь болж ойлголгүй шил болж нэвтрүүл.
Татгалзахад биш зөвшөөрөхөд бэлэн бай.
Аз жаргалын шалтгаан нь болохоос бүү татгалз.
Жаргалаас биш зовлонгоос холуур яв.
Зовоход биш жаргахад бэлэн бай.
Сэтгэлийнхээ баринтгийг тайлж хайрд дүүлэх боломж олго.
Шилбэнийхээ тушааг огтолж жаргалд нисэх боломж олго.
Ацаг болж тээглэлгүй дарцаг болж намир.
Хардахад биш хайрлахад бэлэн бай.
Аз жаргалын шалтгаан нь болоход бүү эргэлз.
Жаргалаас биш зовлонгоос холуур яв.
Зовоход биш жаргахад бэлэн бай.
Хаалган дээрээ нохойтой гэж биш хайртай гэж бич.
Хэрэлдэхэд биш хошигноход зэхэж бай.
Мөс болж хөлдөл үгүй ус болж урс.
Хагарахад биш эвлэхэд бэлэн бай.
Аз жаргалын шалтгаан нь болохоос бүү хойргош
Жаргалаас биш зовлонгоос холуур яв.
Зовоход биш жаргахад бэлэн бай.
Өндөр хана өргөст тороор гэрэлт орчлонгоос
Өөрийгөө тусгаарлаж шорон бүү байгуул.
Үзэл бодлын гинжээр өөрийгөө хязгаарлалгүй
Хүүхэд шиг гэнэн цайлган бай.
Яндан бол зэврэл үгүй ганжир болж гялалз.
Муулах үгийг биш магтах үгийг тээ
Аз жаргалын шалтгаан нь болохоос бүү ай.
Жаргалаас биш зовлонгоос холуур яв.
Зовоход биш жаргахад бэлэн бай.
Амьдралд зангидсан биш дэлгэсэн гар шиг ханд
Лантуу шиг хатуу биш.
Мантуу шиг зөөлөн бай.
Хана биш хаалга бай.
Эхэмсэг нэгэн биш энгийн л нэгэн бол.
Борц болж өмхийрэлгүй
Арц болж анхил.
Хөвч болж хөшилгүй
Навч болж найга.
Хуур болж уянгал.
Гүүр болж холбо.
Жаргалд нээлттэй зовлонд хаалттай бай.
Хэнд ч гэсэн аз жаргалын шалтгаан нь болоход бэлэн бай.
Тэгвэл та аз жаргалтай байх болно.