НАЯН НАСТАЙДАА Ч ТАЙЗАН ДЭЭР САХИЛГАГҮЙТЭЖ МЭДЭХ МОНГОЛЫН “ПРИМАДОННА”

Хонх дуугарч, гэрэл унтарлаа. Хав харанхуйг өнгө өнгийн неон гэрлүүд гэрэлтүүлж light show, тийм ээ лазер шоу ертөнц болгон хувиргалаа. Энэ бол Монголын хамгийн алдартай, адтай, дүрсгүй, галтай цогтой “Show girl” Т.Ариунаагийн тэнгэрлэг үдэш. It’s my blue jeans… “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээсээ хойш яг арван жилийн дараа тэрбээр 37 жил эзэгнэж буй их урлагийнхаа тайзан дээр “Арван настай” охины дүрд хувиран гарч ирлээ. Үнэндээ би, чи, бид бүгдээрээ “Т.Ариунаа маань “It’s my blue jeans”-ээ нэг тийм хайнга, этгээд чамин хийцтэй цэнхэр жинсэн хувцастай дуулж, бүжиглэх байх” гэж төсөөлж байсан нь нууц биш. Харин бидний өмнө богинохон улаан эрээн юбка, дугуй малгайтай, эндүүрч харвал дунд сургуулийн охин гэмээр нэгэн “Энэ бол миний цэнхэр жинс” хэмээн онгирч, гайхуулж байх нь тэр ээ. Тийм ээ, тэр бол “зөрүүд” Т.Ариунаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг авхайн бичсэнээр “Дургүй хүргэсэн хүүхэн”. “Тэнгэр шиг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн нь бай” гэж тэр тунхаглалаа. Гэхдээ яагаад “Арван настай” Т.Ариунаа гэж?

Т.Ариунаа аальгүйтэв. Т.Ариунаа сахилгагүйтэв. Т.Ариунаа мөрөөдлөөсөө хуваалцав. Т.Ариунаа нууцаа дэлгэв. “Хайр бол эв нэгдлийн холбоос юм” гэж тэр ухааруулав. “Сэтгэлд тоо байдаггүй. Би одоо яг 10 настай” гэж тэр ичингүйрэв. “Тэнгэр шиг бай” тоглолтоо тэр ингэж эхлэв. Хайртай дуучныхаа тоглолт руу яаран хэдэн цаг түгжирч ирсэн 12 мянган үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ ийнхүү мэндлэв. Арван жилийн дараа тоглолтоо хийж буй Т.Ариунаа энэ өдөр ямар аз жаргалтай байсан бол. Түүнээс өөр хэн үүнийг мэдрэх билээ. Өнгөрсөн он жилүүдэд түүний тоглолтыг битүүхэн хүлээж сууцгаасан үзэгчид, шүтэн бишрэгчид нь хэр их догдлоо бол… Энэ бүхнийг үгээр хэлэхийн аргагүй, үзгээр “зурах”-д ч бэрх аж.

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт гурван хэсгээс бүрдсэн юм. Эхний хэсэг нь залуусыг зангиагаа тайлаад шидтэл нь, суудлаасаа “татгалзаж” бүжгийн талбай руу гүйтэл нь доргиож, догдлуулж, сэтгэл хөөрлийг нь дээд цэгт нь хүргэсэн лазер шоу байлаа. Т.Ариунаа энд гарч ирэв. Тэр эгээ л жаахан охины дүрд хувирч, залуусыг барууны шоу ертөнцөд очицгоочихов уу гэж гайхшруулмаар өвөрмөц ертөнцийг бүтээв. Ерээд оны үеийн домог болсон хит дуунуудаа дуулж, залуустай хамт бүжиглэхдээ тэр өөрийгөө хэдэн настайгаар төсөөлж байсан бол. “Хайрыг минь чи сонс” хэмээн “тушаах”-даа Т.Ариунаа яг 18-тай охин шиг болон хувираа болов уу. Гэхдээ тэр хэнийг “Битгий уйл, охин минь” гэж аргадсан бэ. Энэ асуултын хариу таавар мэт. Т.Ариунаа урлагийн их тайзыг нүргэлтэл, буцалтал дуулж, бүжиглэснээ нэг харахад алга болчихно. Үнэнийг хэлэхэд, нуугдчихна. Бүжигчин залуус тайзан дээр одод мэт гэрэлтэж, түүнийг гарч ирэн иртэл бүжиглэцгээнэ. Тэр хооронд DJ OG үзэгчдийг уйдаана гэж үгүй. Залуус өөрийг нь ийнхүү бүжгийн “дуэль”-д дуудахыг Т.Ариунаа яаж тэвчих билээ. “Хувцсаа яаж ийм хурдан солиод байна аа” гэж үзэгчдийг алмайруулсаар тэр “Танхай нөхөр” тайзан дээр лифтээр гарч ирнэ.

Ариун ариун гэхэд

Анхны хайр шиг ариухан нь хаана байна

Хайрлан хайрлахгүй юм бол

Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү… Монгол залуусын хайр дурлалын бэлгэдэл мэт “Анхны хайр” дуугаа дуулахдаа Т.Ариунаа лав өөрийгөө анхны хайртайгаа дөнгөж учирсан танхилхан охиноор төсөөлж байсан биз ээ. Гоёмсог ногоон даашинзтай түүнийг үзэгчид ч ингэж эндүүрцгээсэн байж мэднэ. Т.Ариунаа “Зүүдний ханхүү” хэмээх хамгийн романтик дуугаа хэнтэй хамтарч дуулсан гээч. Залуу дуучин Энхнамиртай хамтдаа хөтлөлцөн дуулсан юм. Зүүдний ханхүүгээ мөрөөдөж, яг Т.Ариунаа шиг дуучин болох хүсэлдээ автаж яваа Энхнамирыг их урлагийн тайзнаа хөтөлж гарч ирсэн нь үзэгчдэд талархах сэтгэл, баяр баясгаланг мэдрүүлсэн нь эргэлзээгүй. Зөвхөн энэ залуу бүсгүйг гэлтгүй бүжигчид, хөгжимчид гээд урлагт дурласан, татагдсан залуусыг тэр “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо үеэр тайзнаа гарган ирж, мөрөөдлийнх нь шидэт хаалгыг нээж өгсөн хүчирхэг уран бүтээлч бүсгүй гэдгээ 12 мянган үзэгч, шүтэн бишрэгчдийнхээ өмнө харууллаа. Тийм ээ, Т.Ариунаа залуустай найзалж, үеийн мэт хөгжилдөж, заримдаа эгч шиг нь сургаж, хүмүүжүүлж, хамтран ажиллаж, хамтдаа дуулж, бүжиглэж, ажлын байраар хангаж чаддаг уран бүтээлч аж. “Тэнгэр шиг бай” тоглолтын эхний хэсэг болох лазер шоуны үеэр тайз, дэлгэц космик ертөнц болж хувирлаа. Дахиад л хувьсал өөрчлөлт… “Энэ Т.Ариунаа бидэнд дахиад ямар сюрприз барих гэж байгаа юм бол”… Ийн бодохын завдалгүй тэрбээр “Космик” хит дуугаараа залуусыг байлдан дагуулж, “Эргээд чамдаа ирнэ” хэмээн “амлаж”, 1990-ээд оны үед залуусыг ичээж, хөгшдийг алмайруулж байсан “Утасны дугаар” хэмээх эрос дуугаа “Хар сарнай”-н Амараа буюу С.Амармандахтай дуулав. Т.Ариунаагийн хүчирхэг хоолой, цуцашгүй эрч хүчийг тайзан дээрх электро дэлгэцийн хөдөлгөөн, гэрлийн давалгаа ч үл гүйцэх… Т.Ариунаа ийм дуучин, өндөр түвшний, ёстой л төрчихсөн уран бүтээлч гэдгээ “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо эхний хэсгээр ийнхүү харуулав. Т.Ариунаа яагаад ийм хүчирхэг юм бэ. “Примадонна Алла Пугачева 80 насныхаа ойгоор тоглолтоо хийнэ” гэсэн мэдээлэл Оросын хэвлэлүүдэд шуугиан тарьж байна. Хөх Монголын хүчтэй, галтай, жавхаатай охин Т.Ариунаа ч бас 80 настайдаа өөрийнх нь хэлснээр арван настай, аль эсвэл 18-тай охин шиг залуустайгаа дуулж, бүжиглэсээр байх биз ээ. Тийм байна, тийм байх ч болно гэдгээ тэр “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо эхний хэсгээр харуулав.

ТЭР ЗӨВХӨН ДУУЛДАГГҮЙ…

Т.Ариунаа, яагаад заавал “Тэнгэр шиг бай” гэж?

“Тэнгэр шиг бай” цомгоо хэвлүүлж, “Тэнгэр шиг бай” төсөл хэрэгжүүлж, “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийхсэн” гэдэг санаа надад анх долоон жилийн өмнө төрсөн. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын энэхүү алдартай бүтээлийг нэгэн хүн надад зориулан уншиж өгөх үед төрсөн бодол л доо. Тэр үед аргадсан, ухааруулсан, захисан, сургасан, хайрласан, заримдаа “ташуур” өгсөн амьдралын тухай үнэн үгстэй агуу найрагчийн бүтээлийг сонсоод сэтгэл минь ихэд хөдөлж “Дуу болгон дуулъя” гэж бодсон юм.

Дуучин Т.Ариунаатай тоглолтынх нь дараа бяцхан харилцан яриа өрнүүлсэн маань энэ. Яруу найрагч О.Дашбалбар агсан “Тэнгэр шиг бай” хэмээх бүтээлээ хүүдээ зориулан бичсэн бол дуучин бүсгүй маань “Тэнгэр шиг бай” тоглолтоо амьдралд алдаж, онож, унаж, босч, ухаарч, сэхээрч яваа хүн бүхэнд зориулжээ. Тиймээс ч тоглолтынхоо нэг, хоёр, гуравдугаарт хэсэгт “Тэнгэр шиг бай” хэмээх санааг тусгасан аж. Т.Ариунаагийн тэнгэрлэг үдэш цааш ингэж үргэлжлэв. Тайз тэр чигээрээ үлгэр домгийн мэт болон хувирчээ. Бяцхан охин хийл тоглон зогсоно. Үлээвэр хөгжимчид, бөмбөрийн цохилт… Т.Ариунаа дурлал шиг асах нь тэр ээ. “Т.Ариунаа л ингэж зориглож чадна даа” гэсэн адтай бодлын эзэн тэр яг мөн байлаа. Тэгснээ яасан гээч?

Зүрх минь бундан хэлбэртэй

Зүрхэн дэх хайр минь бурхан галбиртай… хэмээн бүжгийн этгээд хэмнэл дор дуулав. Т.Ариунаа дуулаад байна уу, бүжиглээд байна уу. Үгүй ээ, Т.Ариунаа дуулангаа бүжиглэв үү, бүжиглэхдээ дуулав уу… Ийм хачин эргэлзээтэй, толгой эргэм шоконд тэр үзэгчдийг дандаа оруулдаг. Дандаа гайхшируулдаг. Дандаа алмайруулдаг. Гэхдээ тэр болгон нь бүгд сэтгэл догдлуулам сюрпризүүд байдаг нь мөн хачин аа! “Т.Ариунаа зөвхөн дуулдаггүй” гэж үнэн. Тэр дуугаа нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, бүжиг, бас жүжгийн хэлээр илэрхийлдэг олон талсттай уран бүтээлч. Т.Ариунаа өөрийн гэсэн харизмтайгаас гадна “Дуучин Т.Ариунаагийн” гэх bodylanguage буюу биеийн хэлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг увидастай. Тэр тайзыг ч амь орсон мэт болгож чаддаг шидтэн.

Уншигч авхай та “Үл таних эмэгтэй”-г мэдэх үү, аль эсвэл та өөрөө “Үл таних эмэгтэй” юү. Т.Ариунаа та хоёрын хэн нь “Үл таних эмэгтэй” юм бэ. Т.Ариунаа ингэж гуниглав:

Амьдарч байсныг минь мэдээгүй ээ чи

Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ

Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж

Хайрын захиагаа нулимсаараа чамд бичнэ… Тэр ингэхэд яагаад гуниглав, ямар дүрд хувирчихав аа бас… Т.Ариунаа гэдэг уран бүтээлч дуу болгон дээрээ хувирч байдаг үнэхээр адтай бүсгүй юм даа. Тайзан дээр дөнгөж саяхан ийнхүү гуниглаж, хэн нэгэнд хайрын захиа бичсэнээ нулимстай өгүүлж зогссон Т.Ариунаа “Чамдаа уусна” хэмээн дуулах. Гэхдээ тэр ганцаараа биш. Жүжигчин Г.Бархүүтэй хамт дуулсан нь “Тэнгэр шиг бай” тоглолтын үеэр үзэгчдэдээ барьсан өөр нэгэн сюрприз байлаа. Тэднийг тайзан дээр хамт дуулж, бүжиглэж, хөтлөлцөн алхахыг харсан үзэгчид томоотой сууна гэж үү. Т.Ариунаа ба Г.Бархүү… Үнэхээр романтик хослол гэдэгтэй та санал нийлж байна уу?

Энэ амьдралын аясаар явахгүй

Энэ амьдралыг аргадахгүй

Энэ амьдрал эгэл биш ээ

Эгэл амьдралаас өөрийгөө би мэдэрсэн… Т.Ариунаа “Миний амьдрал” хэмээх дуугаа дуулсаар гарч ирэв. “Гуньж гундаж явахыг хүсээгүй Хамжааргагүй байхыг хэзээ ч бодож яваагүй” тэрбээр “Дуулсаар бас дүүлсээр явна аа Дуулсаар бас уйлсаар буцна аа” гэдгээ дуу, бүжгийн хэлээр дахиад л “мэдэгдэв”. Энэ бол Т.Ариунаагийн “Би” юм. Тийм ээ, “Миний амьдрал”, “Би”. Дуучин бүсгүйн дуулиант амьдралаас сэдэвлэсэн мэт хоёр ихэр суварга адил бүтээлүүд билээ.

“Тэнгэр шиг бай” тоглолтын үеэр үзэгчдийн дунд битүүхэн маргаан өрнөв. Нэг хэсэг нь “Т.Ариунаа бол Монголын Алла Пугачева юм байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Үгүй ээ, тэр поп дива. Хайрын дууны мастер” гэнэ. Харин таныхаар Т.Ариунаа хэн бэ. “Ирэх л гэж”, “Нандин учрал”, “Жаргаж үзээгүй зул дурлал”, “Чи минь”-ээ дуулахдаа тэр дурласан, догдолсон, гэгэлзсэн, санааширсан залуу бүсгүй байдаг. Харин “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулахдаа эрхэлсэн, тунирхсан, нэг л тийм эмо бүсгүй болон хувирдаг шүү дээ. Т.Ариунааг урлаг судлаачид, шүүмжлэгчид, анхааралтай ажиглагчид, үзэгчид, шүтэн бишрэгчид нь “Олон талсттай дуучин” гэдэг нь аргагүй аж. Ингэхэд тэр “Үггүй мордсон чи минь”-ээ тайзан дээр томоотой зогсож байгаад дуулна гэж үү. Ер нь та Т.Ариунааг томоотой зогсоод дуулж байхыг ер харсан уу. “Хар тас”-ын Маркатай хамт тайзан дээр гарч ирэхээс нь өмнө ICE TOP хамтлагийн дуучин Манлай энэ дууг нь үглэж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн. “Хөгшин, залуу ялгаагүй өмсөх дуртай жинс” гэдэг шиг Т.Ариунаа, Марка хоёрыг хөгшин, залуу ялгаагүй даган дуулж, бүжиглэж, доргиж, “Буянт-Ухаа”-д бут авцгаав. Үнэхээр супер агшин… “Догь байгаа биз”?

Тайзан дээрх үлгэр домгийн мэт мөнөөх ертөнц үзэсгэлэнт арал болон өөрчлөгдлөө. Газрын диваажин уу юу вэ. “Т.Ариунаа яаж ингэж чадав аа” гэмээр хувцаслалт. Түүнтэй тоглолтын бэлтгэлийн үеэр хэсэгхэн хором ярилцахад “Миний бүжигчид тайзан дээр цог жавхаатай, гоё хувцастай байх ёстой. Надаас муухай хувцастай байж болохгүй шүү. Энэ бол их урлаг, үзэгчдэдээ үзүүлж буй хүндэтгэл минь юм” хэмээн дизайнертаа хэлснээ ярьж байв. Тэр урлагт, хамтран ажиллаж буй залуустаа ийм хүндэтгэлтэй, хариуцлагатай хандсан байна. “Тэнгэр шиг бай” тоглолтын хувцасны дизайнераар ажилласан Bunny болон түүний багийнхан ч тун мэдрэмжтэй, мэргэжлийн байж чаджээ. Дуучин Т.Ариунаа бүжигчидтэйгээ хамт “Майами аялгуу”-аа дуулсаар гарч ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн гээч. “Урлаг бол гоо зүйн ертөнц юм”… “Тэнгэр шиг бай” тоглолтоороо тэр яг л ийм ертөнцийг бүтээсэн. Далайн өнгө мэт номин, мандах наран шиг улаан, нэг л тийм торгомсог, үзэсгэлэнт орчныг “Майами аялгуу”-аараа бүрдүүлжээ. Үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгахуйц ийм таашаалыг мэдрүүлнэ гэдэг их урлагийн гайхамшиг болов уу.

Т.АРИУНААГИЙН ТЭНГЭРЛЭГ ҮДШИЙН ХАНХҮҮ НЬ ХЭН БАЙВ

“Монголд ийм цог жавхаатай охин байг л дээ”… Шүтэн бишрэгчид нь түүнийг ингэж хайрладаг. Яагаад гэвэл, Т.Ариунаа хэвлэлийнхны овоо хараанд үргэлж байдаг хэцүү, адал явдалтай, дуулиантай талын монгол айлын охин, бас эзэгтэй юм.

Зээр, хулан ч үргэмгүй аниргүйн дунд

Талын монгол айл нь тайван амгалан… Т.Ариунаа ингэж дуулдаг. Энэ дуугаараа Монгол туургатнуудынхаа дунд домог мэт алдаршиж, тэднийг омогшуулж, эвлэлдэн нэгтгэж, хайр, талархлыг нь хүлээсэн уран бүтээлч. Тэр талын Монголын дууч бүсгүй. Тиймдээ ч “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо гурав дахь хэсгээр монгол хүн, Монгол бахархал, омогшлыг дуу, бүжиг, хөгжмийн хэлээр цогцоор нь харууллаа. Ерөөс тэр “Урлаг гээч ийм цогц нэгдэл юм” гэдгийг зөвхөн “Тэнгэр шиг бай” төдийгүй бүх л тоглолтоороо харуулж чаддаг. Хачин юм шүү. Т.Ариунаагийн энэхүү тоглолтыг нэг харахад мюзикл ч юм шиг. Дэлхийн хөгжмийн ертөнцийн чиг хандлагыг Монголынхтойгоо уялдуулж, хөгжмийн цоо шинэ найруулга, тайз засал, гэрлийн эффектээр Т.Ариунаа ба “Тэнгэр шиг бай” тоглолтынхон үнэхээр “тоглож” чаджээ. Техник технологи, инженерийн шийдлийн хувьд ярих зүйлгүй.

Тайзан дээр хүүхдийн найрал дууныхан, бүжигчид гарч ирлээ. Гэнэт нэгэн бяцхан охин Т.Ариунаа руу гүйлээ. Дуучин бүсгүй маань ч түүнийг тэврэн угтав. Яагаад вэ, юу болох нь тэр вэ. “Ижий минь байвал жаргалтай”… Олон жилийн өмнө хайрт ээждээ зориулан дуулж байсан энэ дуугаа Т.Ариунаа мюзикл хэлбэрээр дуулсан нь энэ байлаа. Харин дараа нь нэг жаахан хүү уйлаад л байх юм. Үзэгчид түүнийг эвийлэн өхөөрдөх зуур НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа түүн дээр нөгөө бяцхан охины хамт очиж аргадлаа. “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн хүмүүс бүгд босч дууллаа.

“Хөх Монголын үр сад”… “Муухан зохиолтой түүхэн киног хол хаясан клип” гэж урлагийнхнаас өндөр үнэлгээ авсан энэ бүтээл яах аргагүй best дуу, клипүүдийнх нь нэг. Өндөр өртгөөр ч бүтсэн. Дуучин Т.Ариунааг “Дэлүүн Болдогийн зарлигтай төрсөн Дэгжих бадралын хийморьтой монголчууд” гэж омог бардам дуулахад огшиж омогшдоггүй, эх орон, эх түүхээрээ бахархдаггүй монгол хүн байхгүй.

“Тэнгэр шиг бай” тоглолт тэр чигээрээ сюрприз байлаа. Тэр дундаа үзэгчдийг баярлуулж, уйлуулсан гайхалтай мөчүүдийн нэг нь дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дуугаа дуулах үед болсон юм. Түүний хань, тоглолт бүрийг нь ивээн тэтгэдэг “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж тайзан дээр гарч ирэн эхнэртээ 220 сарнай бэлэглэсэн нь Т.Ариунаад ч, үзэгчдэд ч гэнэтийн бэлэг байв. Т.Ариунаа баярласан, уйлсан. Гэхдээ тэр ханьтайгаа хамт “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” гэж дуулсан. Яг энэ мөчид хөгжим хэсэг унтарч, хүү Б.Өнөболд нь Канад улсаас ээждээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. “Өнөөкө” хэмээн ээж, аав хоёр нь өхөөрддөг тэрбээр энэ тоглолтын “Зүүдний ханхүү” нь ч болох шиг… Харин үзэгчдийн дунд “Баруунд Бейонсе, Jay-Z хоёр л тайзыг эзэгнэдэг шиг энэ үдэш Т.Ариунаа, Г.Буяндорж хоёр тайзан дээр хамтдаа дуулж, уйлж, баярлаж, хүмүүст хайрыг мэдрүүлж байгаа нь юутай сайхан мөч вэ” гэсэн халуун дотно яриа өрнөж байлаа. Монголын хамгийн дуулиантай гэр бүлүүдийн нэг болох Г.Буяндорж, Т.Ариунаа нар 22 жилийн өмнө анх танилцжээ. 220 сарнай… Магадгүй, энэ тоо тэдний анхны учралыг ч бэлгэдсэн байж болох. Харин Т.Ариунаагийн хань Г.Буяндоржийн хувьд “Тэнгэр шиг бай” тоглолтын ерөнхий продюссерээр ажиллаж “Энэ бол зөвхөн Т.Ариунаагийн тоглолт биш. Монголын урлаг дэлхийн хөгжмийн ертөнцийн чиг хандлагатай хөл нийлүүлэх ёстой. Бид үзэгчдээ хүндэтгэж, мэргэжлийн өндөр түвшний тоглолт толилуулах учиртай” гэсэн чин сэтгэлээр хандсан нь үзэгчдэд ч мэдрэгдсэн биз ээ. Дуучин Т.Ариунаагийн гэр бүлээс өөр урлагийн тайзнаа мэхийн ёсолж, урлагт болон хүмүүсийн оюун санаанд хөрөнгө оруулалт хийдэг нь Монголд хэд билээ?

“Тэнгэр шиг бай” тоглолт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай” дуугаар төгссөн юм. Дуучин Т.Ариунаа энэ дуугаа анх удаа үзэгчдэд толилуулсан нь энэ. Тэрбээр дөрвөн цаг ганцаараа амьдаар дуулснаас гадна тоглолтынхоо хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт дээр өөрийнхөө санааг тусгасан гэдгийг ч зохион байгуулагчид нь онцолж байв. Нийт 24 дууны хөгжмийн найруулгыг шинэчилж, үзэгчдэд сюрприз барьсан энэхүү тоглолтын ерөнхий зөвлөхөөр “G Entertainment”-ийн захирал Д.Ганболд, ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ийн захирал Б.Анар, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий менежерээр “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, DJ OG, хөгжмийн найруулга дээр “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, бүжиг дэглээч Нандиа, Ардын дуу, бүжгийн чуулгын бүжиг дэглээч А.Даваахүү нар ажиллажээ. Харин “Тэнгэр шиг бай” тоглолтод ажилласан уран бүтээлчид, зохион байгуулагчид, арын албаныхан гээд тоолбол нийт 850 гаруй хүн ажилласан юм байна. Өөрөөр хэлбэл, Т.Ариунаа болон түүний гэр бүлийнхэн ийм олон хүнийг ажлын байраар хангасан аж. Эдгээр тоон үзүүлэлтээр дуучин бүсгүй маань Монголын хөгжмийн урлагт рекорд тогтоожээ. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Номин холдинг”, “Ноёд” групп, TriplE-ийнхэн оролцсон бол нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, СарнайХ, ticket.mn, shoppy.mn зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ. Энэ бүхэнд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа талархал илэрхийлж, тоглолт хэдийнэ өндөрлөсөн ч танхимаас гарахгүй түүнийг үг хэлэхийг сонсож суусан үзэгчдэдээ зориулан “16 нас” дуугаа тэртээх 37 жилийн өмнө цангинасан хоолойгоор дуулж байсан шигээ дуулсан юм. “Тэнгэр шиг бай” тоглолт ганцхан өдөр болсон ч энэ тоглолтын тухай яриа, сэтгэгдлүүд сошиал ертөнцөд үргэлжилсэн хэвээр. Т.Ариунаа үнэхээр алмайруулж, үзэгчдийг баярлуулж, догдлуулж, хайр, итгэл, эв нэгдлийг мэдрүүлсэн тэнгэрлэг үдшийнхээ гол дүр нь байж чадлаа. Энэ бол Т.Ариунаагийн харизм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих