~Өлгий хотод хилчдийн урлагийн наадам эхэллээ~
Уулсын бүсийн хилчдийн урлагийн их наадам өнөөдөр буюу 2018-06-04-ний өдөр Өлгий хотод нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээнд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд зэрэг баруун дөрвөн аймгийн хилийн цэргийн зургаан ангийн уран бүтээлчид оролцож байна.
Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүйн болон соёлын амралтыг зохион байгуулах, авьяаслаг хилчдийг алдаршуулах, хил хамгаалах байгууллага, хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор хилчдийн урлагийн наадмыг таван бүсэд зохион байгуулахаар төлөвлөснөөс гурав дахь нь буюу уулын бүсийн наадам Баян-Өлгий аймагт ийнхүү эхэлж байгааг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.
Урлагийн их наадам хоёр өдөр үргэлжилнэ. Хилчид уртын дуу, ардын дуу, гоцлол дуу, найрал дуу, гоцлол болон хамтлаг бүжиг, үндэсний хөгжмийн хамтлаг зэрэг 12 номинациар аймгийн Хөгжимт драмын театрт өөрсдийн авьяасаа сорин өрсөлдөх юм.
Түүнчлэн маргааш 15 цагаас нутгийн ард иргэдэд зориулж гала концерт тоглох ажээ.