Долоо хоног бүрийн бямба гарагийн өглөөний 06.00 цагт Сүхбаатарынхан төв талбайдаа цуглан өглөөний алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийдэг. Энэхүү ажлыг жил бүрийн 04-06 дугаар сарын хооронд аймгийн Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран зохион байгуулдаг юм.
Энэ жил энэхүү үйл ажиллагаа нь “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор болж байна. Зохион байгуулагчдаас гадна аймгийн төвийн төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид оролцох ёстой байдаг.
Ес дэх жилдээ болж буй бүх нийтийн гүйлтэд иргэдийн оролцоо идэвх жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна. Энэ жилийн гүйлт эхлээд хоёр долоо хоног өнгөрлөө. Хэдийгээр иргэдийн ирц сайн байгаа ч ААНБ-ын удирдах ажилтнуудын оролцоо хангалтгүй байгаад харамсалтай байна. Гэхдээ хугацаа байгаа учир энэ байдал арилна гэж найдаж байна. Урьд жилүүдэд зөвхөн ажилтан албан хаагчид өөрсдөө ирж оролцдог байсан бол энэ жил гэр бүлийн гишүүд, бага насны хүүхдүүдээ хүртэл дагуулан ирдэг болсон байна. Мөн ахмадууд өөрсдийн сайн дураар ирж бидэнтэй нэгдэж байгаа гэж аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох ярилаа.
Бусад 12 сум ч мөн энэхүү үйл ажиллагааг удирдамжийн дагуу явуулдаг бөгөөд сум орон нутгийн иргэд ч гүйлтдээ тогтмол хамрагдаж хэвшжээ.
Энэ үеэр байгууллагууд долоо долоо хоногоор ээлжлэн өглөөний гүйлтэнд оролцогчдод вакус, витаминыг тараадаг уламжлалтай. Энэхүү уламжлал ч ес дэх жилдээ мөрдөгдсөн хэвээр байгаа аж.