МОНГОЛ УЛС МУЗЕЙН ТУХАЙ АНХНЫ БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ БОЛЛОО

Манай улсад 1924 онд музей байгуулагдсан гэж үздэг ч үүнээс өмнө буюу 1842 онд Данзанравжаа хутагт “Гиваадинравжаалин” нэртэй нандин үзмэрийн музейг Дорнын говь, Хамарын хийддээ байгуулсан нь Монгол газар байгуулсан анхны музей ажээ.

Өдгөө хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатарын их сургууль, “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим, Олон улсын оюун ухааны музей, “Данзанравжаа” музей, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей, Чингис хааны өв соёлын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Монгол костюмс музей, Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм.

Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байгаа билээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр Музейн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаануудаар эрчимтэй хэлэлцэж, төслийг сайжруулан боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулан ажилласны эцэст 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Хууль батлагдсанаар:
  • Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин бүрдлээ.
  • Музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээ, нэр томъёоны тайлбар, ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалт, музейн сан хөмрөгийн асуудал, музейн аюулгүй байдлын асуудал, музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус хуулийн хүрээнд зохицуулагдана. 
  • Түүнчлэн түүх, соёлын арвин өв дурсгалтай манай улсын хувьд төр, хувийн хэвшлийн, төв, орон нутгийн гэлтгүй бүх музейнүүдийн хувьд шат ахин хөгжих нөхцөл бүрдэж байна. 
  • Монгол Улс анх удаа ийнхүү Музейн тухай бие даасан хуультай болж, “Музей” гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг хэлнэ хэмээн хуульчиллаа.
  • Музей нь төрийн, орон нутгийн, хувийн гэсэн өмчийн хэлбэртэй байна.
  • Музейг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах эрхтэй.
  • Музейн нь Үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэлтэй байна. Энэ зэрэглэлийн дагуу үндэсний болон улсын музейг төрийн хамгаалалтад, бүс нутгийн болон орон нутгийн музейг орон нутгийн хамгаалалтад байна.
  • Музейн үйлчилгээнд 16 нас хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй хамрагдана. Харин бусад үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний төлбөрийг музейн захирал тогтооно хэмээн хуульчиллаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг зарчмын санал гаргаж, музейн ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч, 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор заасныг 8 жил тутамд болгон нөхцөлийг сайжруулах заалтыг оруулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих