Энэ жил 30.5 мянган га талбайд ойн хортонтой тэмцэх ажлыг явуулна

Завхан аймаг 2018 онд хавар, намрын гэсэн хоёр удаагийн ажлаар нийт 240624 га талбайд ойн хөнөөлт шавьжийн судалгааг хийжээ. Судалгаагаар Сибирийн хүр эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэйн тархалттай 22520 га, голомттой 8000 га талбай нийт 30520 га талбайд 2019 онд тэмцлийн ажлыг хийх шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ.

Харин өнгөрсөн жил ойн хөнөөлт шавжийн судалгаа, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 65.5 мян.га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалттай. 50.8 мян.га талбайд тэмцлийн ажил явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн судалгааг үндэслэн хийжээ.

Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжийн судалгаа ба тэмцлийн ажлыг 7000 га талбайд ОНТөөс 7,0 сая төгрөгийн санхүүжилтээр хийжээ. Эдгээр ажлыг “Мөнх ногоон ой” ХХК-тай гэрээ байгуулан Баянтэс, Баянхайрхан сумын ойн санд үүргийн шүршигч багажаар явуулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр “Ойн таксац” ХХК Асгат, Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл сумын нутагт Сибирийн хүр эрвээхэйн тархалт ихтэй 20500 га талбайд агаарын хөлөг ашиглан ойн хөнөөлт шавьтай тэмцэх ажлыг хийжээ.

Эдгээр ажлын техникийн үр дүн 87,47 хувьтай байна. Жил бүр мэргэжлийн байгууллагууд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын явц болон гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна. Мөн ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг хөнөөлт шавж, өвчин, ойн түймрээс урьдчилан сэргийлэх экологийн тэнцлийг хадгалан хамгаалах үндсэн ашиглалтын огтлолт хүртэлх хугацаанд ойн бүтэц бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай ажлуудыг хийж байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих