“Эко-нойл”-той айлд НЭГ САЯ төгрөг өгөхөөр ярилцаж байна

Орхон Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Эко ариун цэврийн байгууламж барьсан гэр хорооллын  иргэдэд урамшуулал олгох” тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал танилцуулсан юм.

Хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхийг ариун цэврийн байгууламжаа байгаль, экологид сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан, бохироо соруулдаг технологиор хийсэн тохиолдолд нэг сая төгрөгийн урамшуулал олгоно гэж журмын төсөлд тусчээ.

Эко-ариун цэврийн байгууламж барьсан айл, өрхөд урамшуулал олгох нийт төсөв нь  300 сая төгрөг бөгөөд үүнийг ямар нөхцөл, журмын хүрээнд олгох талаар өнгөрсөн долоо хоногт иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хэлэлцүүлгээс гарсан зарим асуудлыг журмын төсөлд тусгасан аж. Мөн эко-ариун цэврийн байгууламжийг жишиг зургийн дагуу гүйцэтгэх, бохироо соруулдаг байх гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гэхдээ өрх, айл  эко ариун цэврийн байгууламж барихад зарцуулсан нийт хөрөнгийг орон нутгаас өгөхгүй бөгөөд нэг сая төгрөгийг хоёр хувааж олгохоор журамд дурджээ. Дээрх журмын төслийг илүү боловсронгуй болгох, олон хүнийг хамруулах, цаашид үргэлжилж болохоор зохион байгуулалт хийх ёстой гэсэн санал гарч ИТХ-ын Тэргүүлэгчдээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих