Орхон аймгийн удирдлагууд “Евро эко төгөл” хороолол төслийн гүйцэтгэгч “Их хаадын цуваа” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа.
Гурав дахь удаагаа шинэчлэгдэж буй уг гэрээ энэ удаа Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 49-52 дугаар гудамжны иргэдэд давуу эрх олгож байна. Тодруулбал, 2012 онд БНЧУ-ын “Финэп” компанийн хөрөнгө оруулалтаар “Их хаадын цуваа” ХХК Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Евро эко төгөл” хороолол барих төслийн гүйцэтгэгчээр ажиллаж, тус багийн зарим айл өрхийг орон сууцаар хангахаар болсон. Мөн 280 хүүхдийн суудалтай хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн багтаамжтай сургууль, худалдаа, үйлчилгээний төв, 3474 айлын орон сууц барих ёстой байсан ч ердөө 1000 гаруй айлын орон сууц бариад байгаа юм.
“Их хаадын цуваа” ХХК нь 2012 оноос хойш Орхон аймгийн удирдлагуудтай үл ойлголцож, гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьснаар хоёр удаа гэрээгээ шинэчилж, ингэхдээ Цагаанчулуут багийн 49-52 дугаар гудамжийг дахин төлөвлөлтөнд оруулж, тэнд оршин сууж байгаа айл, өрхийг орон сууцаар хангах байсан заалтыг өөрчилсөн байжээ. Тэгвэл энэ удаа хоёр тал ойлголцож, анхны гэрээнд туссаны дагуу ажлаа үргэлжлүүлэхээр болсон байна. Гэр хорооллын иргэдээ орон сууцаар хангах зорилгоор 2012 оноос Орхон аймаг гүйцэтгэгч байгууллагад газраа үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд нь улсын төсвөөс таван тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм.