Энэ жил “Завханы улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 9 га орчимд тариалах төлөвлөгөөтэй байгаа ба саримсны үр авах тариаланчдын хүсэлтийг авч эхэлжээ.
Одоогийн байдлаар 60 гаруй иргэн, ААН саримс тариалах хүсэлтээ аймгийн ХХААГ-т ирүүлжээ. Өнгөрсөн жил Улиастай, Алдархаан сумын тариаланчидтай “Улаан хальст саримсны үр үржүүлэх” гэрээ байгуулан ажиллаж 5,3 га талбайд тариалснаар 18.7 тн ургац хураан авчээ. Тиймээс энэ жил улаан хальст саримсыг өнгөрсөн жилийн га-аас илүү газар тариалах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн улаан хальст саримс тариалдаг тариаланчдын тоог нэмэх, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах олон талын ажлыг дэмжиж тариаланчидтай хамтран ажиллана хэмээн мэдээлэв.
Дашрамд, улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд жил бүр тогтворгүй үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг байна. Улаан хальст саримс намар эрт нэг кг нь 50000 орчим үнэтэй зарагддаг ба өвлийн улиралд нэг кг нь 70000-80000 орчим төгрөг хүрдэг байна.
Улаан хальст нэрийн бүтээгдэхүүн болсон түүх
“Завханы гэх тодотголтой болсон энэ саримсыг брэнд болгож технологийнх нь дагуу тариалж буй тариаланч нь Р.Омоонцоо гуай ажээ. Завхан аймгийн Улиастайд 300-гаад жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст саримсыг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй. 1950-иад оны сүүлээр “Партизан Чойбалсан” нэгдэл сэргээн тариалж орон нутгийн саримсны хэрэгцээг хангаж байжээ.
Гэсэн ч 1990-ээд он гарч нийгэм солигдсон ороо бусгаа цаг үед тариалалт нь багасч, устахад хүрсэн байна. Энэ үед буюу 1992 онд Р.Омоонцоо гуай Дархан-Уул аймгийн хүрээлэнгээс гурван кг саримсны үр авч тариалснаар “Улаан хальст саримс”-ыг устаж үгүй болохоос нь аварч, Завхан аймагт дахин сэргээжээ. Тэрээр улсын түүхэнд анх удаа нэг га-аас 60 центнер хүргэж ургац авч байсан байна. Өдгөө тэрээр арчилгаа их шаарддаг уг саримсыг хэрхэн тариалахыг нутаг нугынхандаа зааж өвлүүлснээр тариаланчид багахан хэмжээгээр тариалдаг болжээ.
Улаан хальст саримс нь ааг амтны хувьд цагаан саримснаас илт давуу. Нэг удаагийн хоолонд тал хумс саримс л хэрэглэхэд хангалттай. Улаан хальст саримсны бас нэг шид нь хорт хавдар, ханиад, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх шидтэй ажээ. Дөрвөн ам бүлтэй айл нэг килограмм саримсыг жил гаруйн хугацаанд хэрэглэдэг ажээ. Харин үнийн хувьд анх 1900 төгрөгөөр борлуулдаг байхад худалдаж авах хүн олддоггүй байсан бол үнэ өссөөр 50-70 мянган төгрөгт хүрч буй саримс энэ үед нутгийн иргэдэд ч олдох нь ховор ажээ.