УВС: Цагаан толгойн овооны тахилга наадам өргөн дэлгэр боллоо

Увс аймгийн Тэс суманд орших Цагаан толгойн овооны тахилга наадам энэ сарын 9-10-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тус овоог Цорс овгийн Мөнхийн Хошой тайж удмынхан тахисан бөгөөд тус удмаас улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг хүмүүс цөөнгүй төрөн гарсан байна.

Тодруулбал, Хошой удмын Мятавын охин Лхамсүрэн 25 жил төрийн сайдын албыг хашсан, гавьяат эдийн засагч, Монгол Улсын анхны эмэгтэй сайд байжээ. Мөн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэн нь Хошой удмын Даваагийн Мятавын ач хүү байна. Тэрбээр Цагаан толгойн овооны тахилга наадмыг энэ удаад ивээн тэтгэж явуулсан юм.

Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Монгол Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Монгол Улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэлээ. Харин их шөвөгт энэ жилийн наадмаар Улсын начин цол хүртсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Жамсрангийн Ням-Эрдэнэ болон Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Л.Балдорж нар шалгарсан юм. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх хүч сорьсноос Тэс сумын залуу бөх Б.Жамбал түрүүлж, Д.Дарамбазар үзүүрлэлээ.
Увс аймгийн Тэс сум нь бөхийн өлгий нутаг бөгөөд 1998 онд “Арван начны баяр” буюу Монгол Улсын начин цолтон 10 төрөн гарсны баяраа тэмдэглэж байсан юм. Өдгөө тус сумаас Монгол Улсын заан цолтон 1, харцага цолтон 2, начин цолтон 10 гаруй төрөөд байна.

Цагаан толгойн овооны тахилга наадамд айрагдсан морьд:

Азарга

  1. Л.Жамсрангийн хар /Тэс/
  2. З.Дэндэвийн буган /Өлгий/
  3. Мягмарсүрэнгийн хээр /Тэс/
  4. Ч.Эрдэнийн хонгор /Тэс/
  5. М.Ганбаатарын хонгор /Улаангом/

Хязаалан

1.Бархасбадийн хээр /Өлгий/

2.Л.Ганзоригын хээр /Тэс/

  1. Ганхүрэлийн бор /Тэс/
  2. Базарсадын халтар /Тэс/
  3. Отгонбаярын халиун /Зүүнговь/

Даага

1.Ч.Рагчаагийн хээр /Тэс/

  1. З.Дэндэвийн буурал /Өлгий/
  2. Б.Мягмаржавын хээр /Сагил/
  3. Ганзоригын бор /Тэс/
  4. Галбадрахын хүрэн /Наранбулаг/

Их нас

  1. А.Бэгзжавын хээр /Тэс/
  2. П.Лхагважавын монгол хээр /Тэс/
  3. Г.Мулцаан хээр /Тэс/
  4. Д.Жавзанжамьяаны хүрэн /Тэс/
  5. Д.Отгонбатын хээр /Малчин/

Шүдлэн

1.Дагвасүрэнгийн халзан /Тэс/

  1. Дэндэвийн хүрэн /Өлгий/
  2. Дорлигийн хонгор /Баруунтуруун/
  3. Бямбацогтын хүрэн халзан /Тэс/
  4. Дэндэвийн хар /Өлгий/
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих