Монгол улсын хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотноо амьдардаг билээ. Хотод иргэд олноор суурьших шалтгаан нь хөдөө орон нутагт дэд бүтэц хөгжөөгүй мал маллахаас өөр ажил ховор байдагтай холбоотой.
Тиймээс хөдөө орон нутгаас хот руу шилжигчдийн тоо нэмэгдэж сум орноо хөгжүүлэх залуус нутагтаа байхгүй болсон байна.
Дэлхийн хөгжлөөс даруй 40, 50 жилээр хоцорч яваа Монголын орон нутгийн байдлыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газар 2012 оноос “Шинэ сум” төслийг 18 аймгийн 19 суманд хэрэгжүүлээд байгаа юм.
Сумдад жишиг болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлийг эхлүүлснээс хойш 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд:
Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган ам.доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босгосон байна.
Эхний ээлжид сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ.
Сумын төвийн өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох хэрэгцээтэй байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байна.
Дундговь аймгийн өөрчлөлт:
Тус сумын 661 өрхийн 2088 хүн амтай. Нийт өрхүүдийн 20 хувь нь сумын төвдөө, 80 хувь нь хөдөөд амьдардаг хэдий ч хөдөөгийн өрхүүдийн дийлэнх нь төвдөө хашаа, байшинтай амьдрах болжээ.
Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, Спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа бөгөөд цаашдаа бүх айлуудыг халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ.
“Гудамж” төрлийнхнийг авчран нэг загварын маш хямд төсөр Хаус хорооллын зургийг гаргаж, анхны сууцыг загвар болгон барьж, ашиглалтад оруулсан байна. 38 м.кв талбай бүхий сууцыг 25 сая төгрөгөөр барих зураг, төсөл гаргажээ.
Сумынхаа мянгат малчдын уулзалтыг хийж, мянгат малчин бүр нэг сая төгрөгийн хандив өгөхөөр тохирон “Мянгатын сан” байгуулжээ. 2018 онд 69 мянгат малчинтай байсан бол энэ жил 86 мянгаттай болсон байна.
“Мянгатын сан”-гийнхаа хөрөнгөөр Жижиг дунд үйлдвэрийн парк барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа ажээ.
Амьдрах орчноо өөрчлөхөд хэн нэгнийг харж, мөнгөгүй хэмээн гараа хумхин суух биш санаачилга гарган, хамтран ажиллаж, зориглон хөдөлж чадвал шинэчлэлийг өөрсдөө эхлүүлж, бусдын дэмжлэгийг авч болдог гэдгийн жишээг Гурвансайханчууд ийнхүү харуулж чаджээ.