Ажилгүйдлийн тэтгэмжийг 300 хүнд олгов
Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд “Нийгмийн даатгалын сан”-гийн Ажилгүйдлийн тэтгэмжид 300 даатгуулагч хамрагдаж, “Ажилгүйдлийн даатгалын сан”-гаас 325,4 сая төгрөгийн тэтгэмж авчээ.
2018 онд 519 Аж ахуйн нэгж, байгууллагын 6854 ажилтан, 4445 сайн дурын даатгуулагч нийгмийн даатгал төлж, тус санд 9187,4 сая төгрөгний орлого төвлөрснөөр орлогын төлөвлөгөөг 102,2 хувиар биелүүлсэн байна.
Харин сайн дурын даатгалын орлогын төлөвлөгөө 111,8 хувиар биелсэн хэмээн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Батжаргал мэдэгдлээ.
Сайн дураар даатгал төлөгчдийн 59 хувийг малчид, 33 хувийг оюутнууд эзэлж байгаа бол 8 хувийг ажилгүй иргэд эзэлж байгаа аж.
Өнгөрсөн онд 107 иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа шинээр тогтоолгож, 78 иргэн цуцлуулж, 1376 иргэн хугацаагаа сунгуулж, 3 хүн шилжиж, 1 хүн шилжин ирснээр 1483 иргэн тэтгэмж авч байгаа ажээ.