Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60, Хонгор сум Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал Залуучууд театрын их танхимд боллоо.
Баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох албаны төлөөлөл, атарчид оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 59 тариаланч, ХХААХҮЯ-ны шагналаар 330, аймгийн Засаг даргын шагналаар 8 хүн шагнууллаа.
МАХН-ын Төв хорооны 1959 оны 3 дугаар хурлын тогтоолын дагуу Дархан сангийн аж ахуйг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор байгуулсан түүхтэй.
Анхны жил буюу 1959 онд 15 мянган га атар газар хагалах төлөвлөгөөг 19,5 мянган га-д хүргэж, 1960 онд тухайн үеийн ЗХУ-аас 70 шахам комбайн, 200 гаруй авто машиныг, туг лоозонгоор чимэглэн Цайдам, Алтангадас, Шийр, Бурхантын хөндийд хөлөглөн ирж суурьшснаас эхлэн эх орон даяар атарчдын алдар цуурайтаж эхэлсэн билээ.