БАЯНХОНГОР: “Бэлчээрийн монгол малчин” хоёр дахь жилдээ

Баянхонгор аймгийн Политехник коллежийн “Бэлчээрийн монгол малчин” мэргэжлийн анги хоёр дахь жилдээ элсэгчдээ авч байна. Энэ удаагийн элсэлтээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 20 залуу малчныг хамруулж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагааг өнөөдөр /2019-02-21/ эхлүүлжээ.

10 сарын хугацаанд залуу малчдыг сургаж, мэргэжлийн үнэмлэх олгох тус анги нь нийт 4-5 удаагийн сургалтаар мэдлэг олгох аж. Нэг удаагийн сургалт 2-5 хоног үргэлжлэх бөгөөд бэлчээрийн МАА, тэжээлийн ургамал тариалах, МАА-н тоног төхөөрөмж хийх, ашиглах, малын түүхий эдийг шинэ технологиор бэлтгэх, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг хичээлүүдийг заах юм байна.  “Малчид маань аймгийн төвд, өдрийн сургалтад үргэлжлэн олон хоног суух боломжгүй байдаг учир эчнээ сургалтыг тэдний цаг завт тааруулан орон нутагт нь хийж байгаа” гэдгийг Баянхонгор Политехник коллежийн Сургалтын менежер Т.Ирээдүй хэлж байна. 

Өнгөрсөн жилээс хичээллүүлж эхэлсэн тус ангийн эхний элсэлт Өлзийт суманд болж, 25 малчныг чадваржуулж мэргэжлийн үнэмлэх олгож байсан бөгөөд цаашид бусад сумдад ч хэрэгжих юм байна. Мэргэжил эзэмшүүлэх залуу малчдын сонгон шалгаруулалтыг тухайн сум хийдэг бөгөөд Баянхонгор аймгийн Политехник коллежийн хувьд тэнхимийн хэмжээний суралцагчийг элсүүлэх нөхцөл заадаг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих