Архангайд малын шүлхий өвчин илэрчээ

Архангай аймгийн Өгийнуур сумын малчин С.Агарын хотноос энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр “хонь доголоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу 05 сарын 27-ны өдөр Архангай аймгийн мал эмнэлгийн албаны лабораторийн эрхлэгч, малын их эмч Г.Мөнгөнхөлөг дээж авч, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 05 сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна.

Дээжийн хариу 05 сарын 29-ны өдрийн 18/1168 тоот сорилтын дүнгээр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Голомтын байршил нь сумын төвөөс хойд зүгт 15 км зайд, Тоглох багийн төвөөс 8 км юм.

Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/277 тоот захирамжийн дагуу Өгийнуур сумын нутагт бог малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хор уршгийг арилгах, хорио цээрийн дэглэм сахиулах, тархалтыг зогсоох, ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажлын хэсэг ажиллаж байна.

~Архангайд малын шүлхий өвчин илэрчээ~

Энэ сарын 4-ний байдлаар Тоглох багийн Бэлхийн 32 өрхийн 448 хонь, тоглох багийн Тамирын ар талын 15 өрхийн 150 хонь, Тоглох багийн Хайрханы 16 өрхийн 224 хонь, Тоглох багийн Эрэгийн 5 өрхийн 70 хонь, Дойт багийн замын хойд талын 15 өрхийн 150 хониноос дээж авч шүлхий өвчний тандалт хийснээс Дойт багийн 3 өрхийн 6 хонинд, Тоглох багийн 4 өрхийн 4 хонинд шинж тэмдэг илэрчээ.

Шүлхий өвчний голомтонд ЗӨСҮТөвийн “Шүлхий өвчний үед эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх зөвлөмж”, Аймгийн ЗӨСТөвийн “Шүлхий өвчнөөс сэргийлье”, ЭМТөв, МХГ-аас зөвлөмж гарган 200 санамж, зөвлөмжийг тарааж 185 иргэдэд сургалт сурталчилгаа хийсэн байна.

Мөн тус сумын 5 багийн Засаг дарга нар малчдад шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг утсаар байнга өгч байгаа ажээ.

Малын шүлхий өвчин гарсан Өгийнуур суманд ариутгал халдваргүйтгэлийн цэгийг сумын халуун усны төвийг түшиглэн байгуулж, Тоглох багийн голомтын бүсийн ойролцоох 28 өрхийн малын хашаа, хорооны 24,000 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг HI-cop бодисоор хийж байна.

6 сарын 03-ны өдөр улсын мал эмнэлгийн албаны дарга Б.Цолмон 80,000 тун вакцин, аймгийн мал эмнэлгийн албаны дарга С.Ганбат 15,000 тун вакцин авч ирэн, улсын мал эмнэлгийн албаны даргын зааварчилгаагаар Өгийнуур сумын Өгий багийн Цайдам нуураас Бетонон гүүр хүртэл гурван ажлын хэсгийг гарган вакцин хийж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих