Орхон аймаг, Эрдэнэт хотын засаг захиргаанаас иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд 2019 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээг сайжруулахад 8.7 тэрбум төгрөгөөр Баянцагаан, Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант, Цагаанчулуут багийн зарим хэсэгт инженерийн шугам сүлжээ байгуулж нийтдээ 7.2 км үргэлжлэх шугам татах юм.
Мөн энэ онд Рашаант багт 250, Уурхайчин багт 928 хүүхдийн сургууль шинээр барьж Булаг багт 150, Яргуйт багт 150, Эрдэнэ багт 150 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж 4 болон 23-р цэцэрлэгийг өргөтгөнө. Мөн 7, 8-р цэцэрлэгт их засвар, 16 сургуулийн урлаг спортын заал, Жаргалант сумын сургуулийн дотуур байр барина.
Эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхийн тулд Жаргалант сум болон Баян-Өндөр сумын Булаг багт тус бүр Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулна. Хүн амын соёлын хэрэгцээг хангах, хөгжүүлэх зорилгоор 2019 онд Даваат, Наран баг тус бүрт Соёлын төв, Цагаанчулуут багт Залуучуудын ордон барина.
Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянцагаан, Говил, Эрдэнэ баг тус бүр Багийн төвийн цогцолборын барилгыг шинээр барьж иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх олон ажлыг эхлүүлнэ.