~Үерийн уршгаар Өлгий сумын худгуудын 70 гаруй хувь нь ашиглах боломжгүй болжээ~
Үерийн улмаас бохирдсон гудамж талбайн газрын хэмжээг тогтоох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, усны аюулгүй байдлыг хангуулах, тандалт судалгаа хийх ажлын хэсгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хамтран байгуулж ажиллаж байгаа юм.
Тус ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн 740 айл өрхөд тандалт судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан хашаандаа худагтай 509 айлын 73 хувь буюу 373 өрхийн худаг ус, шороо орж эвдэрсний улмаас шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн хашаандаа бие засах газартай 675 өрхөөс 449 айлын, муу усны цооногтой 649 өрхөөс 382 өрхийн бие засах газар, муу усны цооног шаардлага хангахгүй болсон гэж үзжээ.
Тандалт судалгаагаар явж буй мэргэжилтнүүд дээрх айл өрхүүдэд давсны уусмалаар гар нүүрээ угаах, хүүхдээ бохирлогдсон хашаандаа тоглуулахгүй байх, хоол ундандаа шаардлага хангасан ус хэрэглэж, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байгаа аж.
Түүнчлэн бохирдсон худгийг ариутгах журам, стандарт байхгүй, 100 хувь ариутгал хийх боломжгүй тул үерт автсан худгуудаас ус уухгүй байх, хааж аюулгүй болгох шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.