Орхон аймгийн хүүхэд залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлын нээлтийн ёслол боллоо. Эрдэнэт хотын Цагаанчулуут багт барьж буй тус цэцэрлэгт хүрээлэн нь нийт 20 га талбайг хамрах юм.
Энэхүү бүтээн байгуулалтад өнгөрсөн онд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 1,6 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлсэн байна. Дээрх хөрөнгийг дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам татах болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулжээ.
Харин энэ онд улсын төсвөөс 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 1,2 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо. Барилгын ажлын нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус цэцэрлэгт хүрээлэнд Эрдэнэт үйлдвэрээс энэ онд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр эхний ээлж 2019 онд ашиглалтад орж 2020 онд бүрэн дуусна.
Цэцэрлэгт хүрээлэн нь жилийн дөрвөн улирлын турш байнгын ажиллагаатай, хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тав тухыг бүрдүүлсэн спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн гурван хэсэгтэй, эко, ногоон байгууламжаар хүрээлүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай юм.