Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу гуайн музейг Төв аймгийн Бүрэн суманд, Үндэсний бөхийн Улсын аварга Д.Хадбаатарын музейг Угтаал цайдам суманд байгуулжээ.
Төв аймгийн Бүрэн сумын нутагт мэндэлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу 1895 онд төрсөн юм. Тэрээр Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд тухайн үедээ харъяалагдаж байжээ. Багадаа гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч нягтлан бодогчоор ажиллаж байсан байна. Мөн Богд Хан аймаг болон Өмнөговь аймгийн дарга, Мал, тариалангийн яаманд хэлтсийн даргын алба хашиж байгаад 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллажээ.
Ж.Самбуу гуай төрийн албан хаагч нарт хандаж, төрийн хүн ямар жанжин шугамыг баримталж явбал зохистойг зөвлөсөн байна. Тэрээр төрийн хүн амнаасаа гарах хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонсож сур. Үг хэлэх амархан харин эргээд засахад хэцүү. Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Түвшин сайхнаар хүн рүү харж ярьж бай, үгийг нь сонсохын тулд нүд рүү нь хар хэмээн хойч үедээ захижээ.
Түүний алдар гавьяаг мөнхжүүлэн төрөлх нутаг болох Бүрэн суманд “Ж.Самбуугийн нэрэмжит музей”-г байгуулсан байна. Музейд Самбуу гуайн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, гэрэл зураг, бичиг баримт, тэмдэглэлийн дэвтэр зэрэг 48 дэсийн 50 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалж, хамгаалан музейд тавьж иргэдэд үзүүлж байна.
Үндэсний бөхийн Улсын аваргаДагвацэрэнгийн Хадбаатар 1951 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт төржээ. 14 насандаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, Хөнгөн атлетикийн улсын шигшээ багийн тамирчин байжээ.
Тэрээр 1972 онд зээрэнцэг шидэлтээр Монгол Улсын мастер цол хамгаалсан байна. АНУ Толедо хотод 1975 онд Дэлхийн цомын аваргын төлөөх тэмцээнд оролцож явжээ.
Д.Хадбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор төрөлх нутаг Төв аймгийн Угтаалцайдам суманд нь “Хадбаатарын нэрэмжит музей”-г байгуулсан байна.
Тус музейд улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын эдэлж хэрэглэж байсан дээл, гутал, хувцас, одон медаль, зээрэнцэг, гэрэл зураг зэрэг 46 дэсийн 194 ширхэг эд зүйлийг хадгалж, хамгаалан олны хүртээл болгож байна хэмээн Төв аймгийн музейн арга зүйч С.Сувдаа мэдээлэл өглөө.