~Тэжээлийн олон наст ургамал ЦАРГАС тарих талбайг нэмэгдүүлнэ~
Завханы Идэр сум анх удаа бэлчээр тэжээлийн олон наст ургамал болох Шар царгасыг 50 га талбайд Мерси Кор олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттайгаар тариалжээ.
Энэ жил эхний ургацаа авах бөгөөд малчдад тэжээлийн ургамал тариалах талбай гаргаж фермер, эрчимжсэн мал аж ахуй хослуулан эрхлэх ажлуудыг хийгээд байна.
Ер нь царгасыг бид маш сайн тариалж малаа тэжээж чадвал мал осгож үрэгдэхгүй, амьдын жин нь улам л нэмэгддэг ашигтай ургамал юм. Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм.
Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг гэж судлаачид хэлсэн байдаг. Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү.
Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм билээ. Түүнээс гадна жилд хоёр удаа хадаж авах боломжтой. Тиймээс тус сумынхан энэ жил энэхүү ашигтай ургамлыг тариалж байгаа ажээ.