Тосонцэнгэл сумд хөгжлийн ажлыг эрчимжүүлнэ

Завханы Тосонцэнгэл сум 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн 188.9 сая төгрөгөөр нийтийн биеийн тамир спортын талбай байгуулах, нийтийн эзэмшлийн гудамжны гэрэлтүүлэг, тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх, худалдааны нэгдсэн гудамж талбайг тохижуулах, багуудын тохижилтод зарцуулахаар иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдээс санал авч эрэмбэлэн шийдвэрлэсэн байна. Тус сум сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж баталжээ. Төлөвлөгөөний дагуу “Инженер геодез” ХХК-иар зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлж, жил бүрийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа аж.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын “Сумын төвийн шинэчлэл” төслийн таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох ажлыг өнгөрсөн жил хийжээ. Цаашид айл өрх, албан байгууллагуудыг цэвэр, бохир усны шугамд холбох, хэрэглэгчдийг жил бүр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын зорилго нь сумынхаа нутаг дэвсгэрт орчин үеийн хот байгуулалтын бодлогод нийцсэн хүн амын амьдрах таатай орчныг бий болгох явдал юм. Түүнчлэн сум баруун талаасаа Увс,Ховд, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотруу зорчих авто зам дайран өнгөрдөг сум учраас худалдаа үйлчилгээ, гудамж талбайн тохижилт үйлчилгээнд анхаарал хандуулан сүүлийн хоёр жил эрчимтэй тохижилтын ажлыг хийж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих