Тайландын хаан Маха Вачиралонгкорн гэргийгээ итгэл эвдсэн гээд хэдхэн сарын өмнө олгосон “Консорт хатан” хэмээх албан ёсны цол, статусыг нь хураан авлаа.
Хааны ордны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар бол хошууч генерал Сининат Вонгважирапакди нь хэтэрхий эрх мэдэлд дурласан, хатны зэрэгт хүртэл дэвшихийг оролдсон гээд “Консорт хатны энэ үйлдэл нь үл хүндлэлийн шинж” гэж тэмдэглэжээ.
Сининат Вонгважирапакди нь Консорт хатан цолыг 1921 оноос хойш авсан анхны эмэгтэй болсон юм. Энэ нь хатны статусгүй хааны гэргийд өгдөг цол юм байна.
Тайландын хаан энэ цолыг дөрөв дэх удаагаа гэрлэснээсээ хоёрхон сарын дараа буюу өнгөрөгч долоодугаар сард түүнд олгосон. Харин Сутхида Тижайг хатан хэвээр нь үлдээжээ. Гэтэл тэрбээр Сутхида хатны зэрэгт өөрийгөө өргөх гэж оролдсон гэсэн байна.
Сининат Вонгважирапакди нь цэргийн мэргэжлийн нисгэгч, сувилагч, бие хамгаалагч бөгөөд өнөөдрийг хүртэл хошууч генерал цолтой байлаа. Наймдугаар сард түүний цэрэг хувцастай, цэргийн онгоцтой албан ёсны гэрэл зургуудыг нийтэлж, хаан түүнд зориулан хатны намтар бүтээх даалгавар өгсөн гэж байсан юм.