Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.
ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа. Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна.
Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм.
Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна.
Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах 240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.