Дорноговь аймагт малын хулгайн гэмт хэргийн гаралт ихээр гарчээ.
Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-24-нд тус аймгийн Айраг сумын хоёрдугаар баг Дөрвөлж гэх газраас 36 тооны адуу бэлчээрээс хулгайд алдагдсан, мөн өнгөрсөн сарын 29-нд Ламт гэх газар зургаан тооны үхрийг галт зэвсгээр буудаж, улмаар хулгайлсан, энэ сарын 5-6-нд Дэлгэрэх сумын III баг Энгэрийн худаг гэх газраас хоёр үхэр хулгайлсан хэрэг гарчээ.
Дээрх болон бусад малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхээр Дорноговь аймгийн Цагдаагийн газраас шат дараалсан шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шалгагдаж байсан Э, П, Я нарын гурван бүлэг этгээдийг илрүүлэн галт зэвсэг, нотлох баримтыг нь хураан авч шалгаж байна.
Түүнчлэн хэргийг шалгах явцад дээрх этгээдүүдэд мал, мах, түүхий эд борлуулдаг ченжүүдтэй холбоотой байсан нь тогтоогджээ.